Шри Шри Шикшаштака
(1)
Үхэх төрөхийн дахин дахин давтагдах хүрд хийгээд болзолдсон материаллаг ахуйн дүрэлзэн буй аймшигт түймрийг даран унтраах, зүрхэнд он удаан жилээр хуралдан хуримтлагдсан бохир буртаг болгоныг ариусган цэвэрлэх шри-кришнасанкиртаны яруу алдар бадартугай. Энэхүү санкиртаны хөдөлгөөн нь хүн төрөлхтөнд хэмжиж баршгүй сайн сайхны адисыг тээн авч ирэх бөгөөд яг л сарны ялдам зөөлөн туяа мэт гэрэл гэгээг сацруулмуй. Тэрээр чанадын эрдэм мэдлэг бүхний амь сүнс нь хийгээд чанадын жаргал цэнгэлийн далайг улам улмаа лавшруулан гүнзгийлж, бид бүхний ямагт хүсэн байх тэр ариун рашаанаар цэнгэн жаргах боломжийг олгодог билээ.
(2)
Ай Бурхан минь ээ, зөвхөн Таны ариун гэгээн нэр алдар л бүхий л амьд оршнолуудад адис өршөөлөө хайрлаж чадах билээ. Иймээс ч Танд Кришна, Говинда гэх мэт сая, сая нэр бий. Эдгээр бурханлаг нэрcээ Та Өөрийн бүх чанадын эрч хүчээ шингээн өгсөн бөгөөд энэ ариун нэрсийг давтан дуудах хатуу дэг жаяг үгүй билээ. Ай Бурхан минь ээ, Өөрийн өршөөл энэрлээр Таны ариун гэгээн нэр алдрыг давтан дуудсанаар Танд хялбараар хүрч болох сайхан бололцоог бидэнд хайрласан билээ.
(3)
Өөрийгөө зам дээр хэвтэж буй өвснөөс ч доор тавьж, ухаан санааны номхон хүлцэнгүй төлөвт Бурханы ариун гэгээн нэрийг давтан унших хэрэгтэй бөлгөө. Нэг байрандаа хөдөлгөөнгүй зогсох модноос ч тэвчээртэй байж, хуурмаг нэр алдарт тэмүүлэх хүсэл сонирхлоос ангид оршин, бусдад хүндэтгэл үзүүлэхэд үргэлж бэлэн байх ёстой амой. Зөвхөн ухаан санааны ийм төлөв байдалд Бурханы ариун гэгээн алдар нэрийг байнгад давтан уншиж чадмуй.
(4)
Ай Бүхнийг Чадагч Бурхан минь ээ, би эд баялаг, хөрөнгө мөнгийг хураан хуримтлуулахыг хүсэхгүй, мөн надад үзэсгэлэнтэй сайхан эмэгтэй, үй олон дагалдагч шавь хэрэггүй билээ. Би цорын ганц зүйлийг л хүсэн мөрөөднөм, хариуд нь юу ч хүсэж горилолгүйгээр, амьдралаас амьдралд Танд чин бишрэлээр үйлчлэн зүтгэхийг болгоон соёрхоно уу.
(5)
Ай Нанда Махаражийн хүү минь ээ, Би хэдийгээр Таны мөнхийн албат ч гэлээ үхэх, төрөхийн аймшигт далайд хэдийнээ унаж ойчсон билээ. Намайг энэ үхлийн харанхуй далайгаас татан гаргаж, Таны бадамлянхуа өлмийн дор мөнхөд орших өчүүхэн тоосонцруудын нэгэн болгож соёрхоно уу.
(6)
Ай Бурхан минь ээ, Таны ариун гэгээн нэрийг давтан дуулах үеэр тасралтгүйгээр цуван асгарах хайрын сувдан нулимс чухам хэзээ, миний харах нүдийг чимэх болоо? Чухам хэзээ Таны ариун гэгээн нэр алдрыг давтан уншсанаар хоолой минь чичирхийлэн, хамаг биеийн минь үс өрвийн босох вэ?
(7)
Ай Говинда! Чамаас салан хагацах мөч бүхэн надад бүхэл бүтэн галав эрин мэт санагдах бөлгөө. Уй гашууд автсан миний нүднээс нулимсан гол цувран асгарах ба Чамгүйгээр хорвоо дэлхий тэр чигээрээ хов хоосон мэт бодогдмуй.
(8)
Надад Кришнагаас өөр ямар ч Эзэн Захирагч гэж үгүй билээ. Тэр намайг чангаар тэвэрч байсан ч эсвэл надтай үл учран зүрхийг минь хэдэн хэсэг тасар татан хаясан ч Чи миний хувьд энэ л хэвээрээ мөнхөд оршмуй. Тэрээр юу л хүснэ түүнийгээ хийг. Учир нь тэрээр юунаас ч үл хамааран үргэлжид миний мөнхөд мөргөн залбирах Эзэн Захирагч минь хэвээр үлдэх бөлгөө.