Шри Гуру Вандана
(1)
Номын багшийн бадамлянхуа өлмий нь цэвэр чин бишрэлийг олж хүртэх цорын ганц арга зам билээ. Би хүндэтгэл бишрэлтэйгээр түүний бадамлянхуа өлмийд мөргөн залбирнам. Зөвхөн номын багшийн өршөөл хишгээр бид материаллаг ахуйн их далайг туулан гарч Кришнагийн өршөөл хишгийг хүртэж чадмуй.
(2)
Миний цорын ганц хүсэл гэвээс номын багшийн мань бадамлянхуа амнаас урсан гарсан сургаал бүхэн миний ухамсрыг ариусган цэвэрлээсэй хэмээн хүснэм. Номын багш таны бадамлянхуа өлмийд шимтэн татагдах нь бурханлаг төгс төгөлдөрт хүрэх хамгийн шилдэг арга бөлгөө. Зөвхөн таны өршөөл хишгээр бүхий хүсэл биелмүй.
(3)
Тэрээр надад харах чадварыг маань буцаан өгч, зүрхэнд минь бурханлаг мэдлэг ухааныг суулган өгсөн билээ. Ийм ч учраас тэрээр нэг амьдралаас нөгөө амьдралд эзэн минь хэвээр байх болмуй. Тэрээр онгод хөөрлөөр бялхсан прэмаг анхилуулан тархааж, мунхгийн түнэр харанхуйг үлдэн хөөх бөгөөд Вэдийн судрууд түүний гайхамшигт чанарыг магтан дуулдаг билээ.
(4)
Ай номын багштан минь ээ, ай өршөөл хишгийн далай, ай унан доройтсон сүнснүүдийн нөхөр минь ээ, та минь чин бишрэлтэн нарын зааварлагч хийгээд захирагч нь билээ. Ай эзэн минь ээ! Надад өршөөл энэрлээ хайрлаж, таны бадамлянхуа өлмийн нөмөрт хоргодон байхыг минь болгоон соёрхоно уу. Таны алдар нэр бүх гурван ертөнц даяар дуурсан түгэх болтугай!